21-р зуунд интернетийн хэрэглээ бидний өдөр тутмын амьдралд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг болж, “smart home” гэсэн ойлголт гарч ирсэн билээ. Арваадхан жилийн өмнө л гэхэд боломжгүй юм шиг санагдаж байсан бол өнөөдрийн бидний амьдарч буй даяаршсан нийгэмд хүн бүр гэр бүлтэйгээ аз жаргалтай цагаа өнгөрүүлдэг гэрээ “ухаалаг” болгох нөхцөл бүрдсэн билээ.
Гэрээ “ухаалаг” болгохын өмнө та дараах 3 асуултыг өөрөөсөө асуугаарай:
- Гэрийнхээ аль хэсэгт та цагаа өнгөрүүлдэг вэ?
- Гэртээ байхдаа та ихэвчлэн юу хийдэг вэ?
- Сүүлд нь, таны төсөв хэд вэ?
Дээрх асуултуудад хариулснаар танд ямар төрлийн төхөөрөмжүүд хэрэгтэй байгааг хялбар олж мэдэх боломжтой. Мэдээж төсөв ихтэй байвал олон төхөөрөмжүүд худалдаж авах боломжтой ч бага төсвөөр ч ирээдүйн “ухаалаг” ертөнц рүү хөл тавих боломж танд үргэлж байгаа. Өөрийн гараар төхөөрөмжүүдээ суурилуулах нь давуу болон сул талтай. Мэдээж давуу тал нь төсөвт хэмнэлттэй ч хэрвээ суурилуулж чадахгүй бол илүү ойлгомжгүй нөхцөлд өөрийгөө оруулах эрсдэлтэй. Гэрээ ухаалаг болгоно гэдэг нь хэд хэдэн hi-tech төхөөрөмжүүдийг суурилуулж, өдөр тутмын амьдралаа хялбар болгохын тулд утсан дээрээ ганцхан app татаад л ганцхан товчлуураар бүх төхөөрөмжөө удирдана гэсэн үг.
Эхлээд таны гаргах ёстой чухал шийдвэрүүдийн нэг бол ямар platform сонгохоо шийдэх юм. Зах зээл дээр одоогийн байдлаар Google Assistant, Amazon-ын Alexa болон Apple Home гэсэн 3 том platform байгаа билээ.
Гэрээ “ухаалаг” болгоход хамгийн түрүүнд шаардлагатай 5 төхөөрөмжийг танилцуулж байна:
SMART LIGHT BULBS буюу Ухаалаг Гэрлийн Шил
Гэртээ таны худалдаж авах хамгийн эхний ухаалаг төхөөрөмж бол ухаалаг гэрлийн шил юм. Энэ төрлийн гэрлүүд нь LED учраас тог бага хэрэглэхээс гадна энгийн гэрлийн шилнээс илүү ухаалаг мөн хялбөр суурилуулах боломжтой. Үүнээс гадна, өнгө өөрчлөх, унтрах цаг тааруулах, цахилгаан зарцуулалтыг хянах гэх мэт олон үйлдүүдтэй. Мөн энгийн гэрлийн шилнээс үнэтэй ч илүү урт настай, чанартай учир урт хугацаанд мөнгөө хэмнэх боломжтой ухаалаг хөрөнгө оруулалтуудын нэг юм.
VIDEO DOORBELL буюу ухаалаг хаалганы хонх
Ухаалаг хаалганы хонх нь та гэртээ байхгүй байсан ч хэн хаалганы үүдэнд ирснийг харах, цаашлаад холоос хаалгаа онгойлгох боломжийг ч мөн олгоно. Ухаалаг хонхны хямд загваруудыг сонгож болох ч энэ төрлийн төхөөрөмж нь гэрийн аюулгүй байдлыг хамгаалдаг учир дунджаас дээш үнэтэй, чанартай загваруудаас сонгохыг зөвлөж байна.
SMART THERMOSTAT буюу Ухаалаг термостат
Гэр эзгүй үед халаалт асаалттай байх нь тог болон төсөвт алдагдалтай байгаад байна уу? Тэгвэл ухаалаг термостат нь ажлаасаа гарахдаа, эсвэл гэр лүүгээ явах замдаа гар утсаа ашиглан халаалтаа асаах, температуураа тохируулах боломжийг танд олгоно. Ингэснээр цахилгааны төлбөрөө хэмнэх, гар утаснаасаа хянах боломж бүрдэж байгаа юм.
SMART PLUGS буюу Ухаалаг Plug
Ухаалаг Plug нь энгийн төхөөрөмжийг ухаалаг болгох бөгөөд дээр дурьдсан гэрлийн шилтэй адил төсөвт хэмнэлттэй таны гэрт байвал зохих төхөөрөмж юм. WIFI байхад л та гар утаснаасаа хормын төдийд гэрийнхээ төхөөрөмжүүдийг унтрааж асааж, удирдах боломжтой.
SMART SPEAKERS буюу Ухаалаг Спикер
Alexa, гэрэл унтраа! Alexa, 7 цагт сэрүүлэг тавь! гэж хэлээд л бүгдийг таны хүссэнээр зохицуулах гэрийн туслагч нь гэрийн хаана ч суурилуулах боломжтойгоос гадна гэрт тань байгаа ухаалаг төхөөрөмжүүдийг мөн удирдах боломжтой. Ямар ч “ухаалаг” айлд ухаалаг туслагч нь байвал зохистой төхөөрөмж юм.